Blog single

Монгол Алтайн чулуун шастир

Монгол орны хадны урлалыг гаднах хэлбэр талаас нь ажвал, уран зургийн бараг бүх төрөл жанр, арга загвар, хэв маягийг багтаасан гэмээр. Маш энгийн, одоогийн бага насны хүүхдийн гараар бүтсэн мэт, бодит реалист тавьцтайгаас эхлээд ихэд хийсвэрлэн зохиомжилсон зураасан зургууд тун ч олон. Бас чулуун, модон, цайран, хулдаасан барын бүтээлүүдтэй андуурам ухаж сийлсэн, товойлгож гаргасан, цоолборлож цохисон уран содон хийц маяг элбэг буй. Абстракт, сюрреалист, модернист зургийн хэв шинжийг санагдуулам байх нь түгээмэл тааралдана.

Дотоод мөн чанар агуулга талаасаа бол, мэдээж тухайн цагийн хүмүүсийн аж байдал, оюун сэтгэлгээний тусгал, олон мянганы түүх соёлын дурсгал гэдгээрээ үнэлж баршгүй нандин өв юм.
Сэдэв өгүүлэмжийн хувьд бол, Алтайн хадны урланд амьтан хүн, ан ав, аж байдлыг дүрсэлсэн зураг зонхилно. Эртний хүмүүс мал амьтдыг гэршүүлсэн, тариа ногоо тарьж эхэлсэн, нум сум, тэрэг чарга хийж хэрэглэдэг, оромж сууц барьдаг болсон бат нот баримт нүдэнд тусна. Хүмүүс хоорондын харилцаа, эрчүүд бяр хүчээ үзэж, хатгалдаж харвалдаж, эмэгтэйчүүд бүжиж наадаж байгаа болон адгуусан амьтад арсалдан тэмцэлдэж байгаа төрхийг тод харж болно. Бас арга билгийн үйлдлийг харуулсан эротик шинжийн зургууд бий.

Мөн тамга тэмдэг, үсэг бичгийн дурсгалууд зөвхөн Алтайд төдийгүй, монгол орны аль ч нутагт элбэг байдаг юм.
Энэ бүхнийг нарийвчлан судлах нь хүн төрөлхтний түүх соёлын өвийг арвижуулан баяжуулахад онцгой чухал ач холбогдолтой билээ.

“Чулуун шастир” судалгааны багийн анхны энэ цомогт бид Алтайн их уулсын зөвхөн нэг хэсэг “Монгол Алтай”-н дурсгалууд, түүн дотроо ЮНЕСКО-гийн өвийн бүртгэлд орсон гурван гол газрын хадны урлалаас цөөнхийг дээжлэн толилуулж байна. Дараагийн цувралуудад Алтайн нурууны говийн бүсэд болон бусад салбар уулсад хадгалагдан буй хадны зургуудаас сорчлон танилцуулах болно. Ер нь Алтайн хадны зургаар хэдэн ч ном, цомог гаргаад ч барахын аргагүй. Барагцаалж хэлэхэд уртаашаа 3000-аад, өргөөшөө хэдэн зуугаад километр сунаж тэлсэн өргөн уудам бүс нутагт хадан дээр мөнхөлсөн хэдэн мянган гайхамшигт зураг урлал, өв дурсгал та биднийг хүлээж байгаа.

Энэ цомгийг бүтээхэд хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, уран бүтээлийн багийн нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж, дараа дараагийн бүтээлд гар, санаа нийлэн, мөр зэрэгцэн зүтгэхийн ерөөл тавья.
 

Доктор, профессор Д.ЦАХИЛГААН