Blog single

Хадны зураг судлалын олон улсын хурал болно

Чулуун Шастир ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Булганбаяртай Монгол Улсад болох хадны зураг судлалын олон улсын хурлын талаар хийсэн тодруулга ярилцлага.

Сайн байна уу та. Юуны өмнө Монгол Улсад анх удаа хадны зураг судлалын дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтдийг нэг дор цуглуулсан олон улсын хурал зохион байгуулах болсонд баяр хүргэе.

Баярлалаа. Тийм ээ, үнэхээр энэ удаагийн хурал Монгол УЛсын түүхэнд төдийгүй олон улсын хадны зураг судлаачдын хувьд ховор цугларалт болж байна. Манай хуралд Хойд Америк, Европ, Азийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн судлаачид уригдан ирж оролцож байгаа. Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ удаагийн арга хэмжээ ЮНЕСКО болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буйгаараа онцлогтой.

Арга хэмжээнд ирж буй олон улсын судлаачдын талаар мэдээлэл өгөөч, ямар бүрэлдэхүүнтэй хурал болох вэ, хэчнээн хүн ирж оролцож байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ШУА-ийн  Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах зорилгоор “Хадны зураг” төслийг эхлүүлж байна.

Хадны зургийн дурсгалын агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнээр дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг орны хувьд Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд багтсан Алтайн нурууны болон бусад хадны зургийн хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарал хандуулах төдийгүй хадны зургийн судалгааг улам гүнзгийрүүлэх үүрэг хүлээж байна.

Монголын хадны зургийн цогцолбор дурсгалууд нь хадны зураг урлалын хувьд бусад улсын хадны зурагтай харьцуулахад талбай, тоо, хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ хосгүй хэмээн дотоод, гадаадын судлаачид үзэх болсон юм.

Энэ бүхнээс үндэслэн “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж байна. Энэ хуралд гадаадын 15, дотоодын 10 гаруй эрдэмтэн, 60 гаруй судлаач, сонирхогчид оролцож, дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлан тайлбарлах, хадгалан хамгаалах талаар санал, мэдээлэл солилцож бусад улс орны туршлага, Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хадны зургийг хамтран судлах чиглэлээр явуулж байгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Монголын хадны зургийг судлах ажилд дорвитой хувь нэмэр болж, улмаар олон улсын хүрээг хамарсан ЮНЕСКО-гийн төсөл болох ажлын эхний алхам болно гэдэгт итгэж байна. Бидний эхлүүлсэн энэ ажил цаашдаа олон том ажлуудын үндэс суурийг тавих чухал ач холбогдолтой үйл явдал болно.

Үнэхээр холыг харсан, нийгмийн болоод хүн төрөлхтний хувьд ач холбогдолтой хурал болох нээ. Хурлын хүрээнд ямар арга хэмжээнүүд болох вэ?

Хурлын хүрээнд Үндэсний түүхийн музейтэй хамтраад Хаданд мөнхөлсөн урлаг: Дэл уулын хадны зураг үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд, СУИС-ийн бүжиг, жүжгийн урлагийн мэргэжлийн багш, оюутнуудтай хамтран С.Дулам багшийн зохиолоор “Хөмөргөн гурвалжин” нэртэй этномодерн бүжгэн жүжгийг Сонгодог урлагийн Дуурийн театрт үзүүлэх бол Монгол Алтайн хадны зураг гэрэл зургийн цомог, Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх ойллого, ярилцаан сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, АСЕМ-ийн хүндэт зочид болох төр засгийн тэргүүн нарт бэлэг болгон өгөх хадны зургаас сэдэвлэн бүтээсэн уран зургийн цуглуулга зэрэг шат дараатай, олон хүний хүч хөдөлмөрөөр бүтэх нүсэр ажлуудыг нугалж байна. Цаашдаа бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигийн төсөл, Хадны зургийг хамгаалах чиглэлээр Үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлнэ. Энэ бүхнийг манай шинэхэн байгуулсан Чулуун Шастир ТББ-ын удирдлага, хамт олон идэвх санаачилга гаргаж манлайлан ажиллаж байна.   Ингээд энэхүү хуралд зориулж “Чулуун Шастир” ТББ-аас санаачлан гаргасан “Монгол Алтайн чулуун шастир” цомгийг Танд өргөн барьж байна.

Чулуун Шастир ТББ-ынхаа талаар манай уншигчдад танилцуулаач

Чулуун Шастир ТББ-ыг Монголын хадны зураг сонирхон судалдаг хүмүүс идэвх санаачилгаараа, сайн дураараа эвлэлдэн нэгдэж үүсгэн байгуулсан. Хэдийгээр үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч гэлээ манай байгууллагын санаачилсан, хийж хэрэгжүүлж буй ажлууд олон хүний дэмжлэг авч, өргөн хүрээг хамарч байгаад маш их баяртай байна. Чулуун Шастир ТББ-ын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Үндэсний түүхийн музей болон бусад урлаг соёлын байгууллагууд дэмжиж байгаа. Ийм сайн дэмжлэгтэй байхад бидний хийж байгаа ажлууд нийгмийн дэмжлэг авах нь ойлгомжтой. Нийгмийн дэмжлэг сайн болоод ирвэл бидний зорьсон зорилго биелж хүн төрөлхтний соёлын өв болох хадны зургаа дараа үеийн хүмүүстээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх боломжтой болно гэж итгэж байна. Бидний зорилго бол ерөөсөө хадны зураг гэгч энэ хадан дээр дүрслэн үлдээсэн хадны зураг тэмдэг тэмдэглэгээ бол хүн төрөлхтний өвөг дээдсийн хэдэн мянган жилийн өмнөөс дүрслэн үлдээсэн дахин давтагдашгүй өв, код гэж хэлмээр байна. Энэ өвийг, өвгөдийг кодыг бид хадгалах, хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэн үлдээх үүрэгтэй, энэ л үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс гэж ойлгож болно.

За, бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Нийгмийг соён гэгээрүүлэх далайцтай том ажил санаачлан хэрэгжүүлж байгаад тань дахин баяр хүргэе, баярлалаа.

 

Эх сурвалж: Монцамэ

Бэст Вэстэрн Туушин зочид буудал, Улаанбаатар, Монгол Улс

2016 оны 5-р сарын 30.