Blog single

ХАДАНД МӨНХӨЛСӨН УРЛАГ: Түүх, ойллого, ярилцаан

Эртний нүүдэлчдийн оюун санааны хувьсал, тухайн цагийн нийгэм, соёл, аж ахуйн бодит байдлыг тусгасан дурсгал бол хадны зураг билээ. Монгол орон хадны сийлмэл зургийн дурсгалаар баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг юм.

ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд Монголын гурван газар багтсаны нэг нь Монгол Алтайн нурууны Хадны зургийн цогцолбор дурсгал билээ. Иймээс Монгол Улс Алтайн нурууны болон бусад газрын хадны зургийн хадгалалт хамгаалалтад онцгой анхаарал хандуулах төдийгүй хадны зургийн судалгааг улам гүнзгийрүүлэх үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний соёлын өв- хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг 2016 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохионб байгуулсан. 

“Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулсан бөгөөд хуралд гадаадын 15, дотоодын 10  эрдэмтэд, 60 гаруй судлаач, сонирхогчид оролцож, дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлан тайлбарлах, хадгалж хамгаалах талаар бусад улс орнуудад явуулж байгаа туршлагаас хуваалцах бөгөөд Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хадны зургийг судлах, тайлах чиглэлээр явуулж байгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцсэн юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Монголын хадны зургийг судлах ажилд дорвитой хувь нэмэр болж, улмаар олон улсын хүрээг хамарсан, ЮНЕСКО-ийн төсөл болгох зорилгын эхний алхам байсан. Монгол Улсын санаачилгаар хэрэгжсэн энэхүү олон улсын хурлын үр дүнд монголчууд төдийгүй дэлхийн олон оронд хадны зургийн ач холбогдлыг тодорхой түвшинд ойлгуулж, олон улсын байгууллагууд, тухайлбал, ЮНЕСКО, Олон улсын Философи, Хүмүүнлэгийн ухааны холбоо зэрэг байгууллагууд онцгой анхааралд хүргэж чадсан. 



Бага хурлыг зохион байгуулахад санхүүгийн болон текник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, НҮБ-ын дэргэдэх боловсрол, соёл шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО, “Соёлын харилцаа-нэгдмэл ертөнц” олон улсын сан, Шинжлэх ухааны академи, ШУТИС, Чулуун Шастир, Мэргэн нум зэрэг төрийн бус байгууллага, Монголын Үндэсний музей, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Малчин телевиз, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёл Урлагийн их сургууль болон санаачилгыг дэмжигч олон түмэнд гүн талархал илэрхийлье.

“Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын хурал олон орны эрдэмтдийн цаашдын хамтын ажиллагааг өргөтгөх, дэлхийн соёлын өв болсон хадны зургийн талаарх судалгааг улам гүнзгийрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан гэдэгт итгэлтэй байна.

Төслийн удирдагч Пунцагийн Цагаан

Чулуун Шастир ТББ-ын Тэргүүн, Балар болон Өнө эртний судлалын Олон улсын нийгэмлэгийн гишүүн (UISPP)