Монгол Алтайн чулуун шастир

Монгол орон бол түүхийн өөр өөр цагт үе дамжин нутаглаж ирсэн ард түмнүүдийн аж ахуй, оюун санааны өвөрмөц дурсгал болох хадны зургаар нэн баялаг орны тоонд зүй ёсоор ордог.

Төв Азийн эртний соёлыг судлахад онц сонирхолтой нутгийн нэг нь Монгол Алтайн уулс. Хадны зураг нь Монголын бараг бүх нутгаас олддог боловч Алтайн нуруу, түүний салбар уулсын бүс нутгаар харьцангуй их тархжээ. “Алтай” – энэ үг хүн төрөлхтний түүхэнд газарзүй, хэл шинжлэл, түүх судлалын үүднээс тодорхой байраа олсон нэр билээ. Алтай нуруу нь Монгол Улс, ОХУ, Казахстан, Хятад улсуудын газар нутгийг дамнан орших 5000 м хүртэл өндөрт өргөгдсөн өндөр уул нуруудын нэгэн цогц юм. Алтай хэмээх Монголын хамгийн өндөр уулс бүхий газар нь одоогийн байдлаар түүх, археологийн талаасаа хамгийн бага судлагдсан байна. Энэ нутагт палеолитийн үеийн бууц суурингаас авахуулаад сүүлийн үеийн овоо хүртэлх түүхийн мянга мянган дурсгалууд төвлөрсөн байдаг боловч хамгийн олон тоотой нь хадны зураг билээ. Алтайн нурууны хадны зургийн судалгаа эхлээд бараг 100 жил болж байгаа боловч одоог хүртэл судлаачид Төв Азийн уулархаг энэ бүс нутгийн хадны зургийн дурсгалын тоо хэмжээг бүрэн гүйцэд тодорхой гаргаж чадаагүй байгаа билээ. 

Гэвч судалгаа шинжилгээний ажил улам өргөжин жил бүрийн хайгуул судалгааны ажлын явцад олон арван хадны зургийн дурсгалуудыг шинээр илрүүлэн олсоор байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Монголын Алтайд монгол, орос, америк эрдэмтдээс бүрдсэн “Алтай” төслийг хэрэгжүүлэх явцад неолитийн үеэс орчин цагийг хүртэлх олон тооны хадны зургийг илрүүлэн судалсны дотор Төв Азийн хадны зургийн урлагт урьд өмнө нь мэдэгдээгүй байсан томоохон дурсгал бүхий 10 орчим газар багтаж байгаа юм. Ийнхүү монголын эрдэмтдийн хүчин чармайлтын дүнд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалуудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлж чадсан билээ. Иймээс манай улс Дэлхийн өвд бүртгүүлсэн Цагаан салаа/Бага ойгор, Шивээт хайрхан, Арал толгойн хадны зураг болон ерөнхийдөө Монгол Алтайн хадны зургийн хадгалалт хамгаалалтад онцгой анхаарал хандуулах төдийгүй хадны зургийн судалгааг улам гүнзгийрүүлэх үүрэг хүлээсэн юм.

Монгол оронд хадны зураг дээд палеолитийн үед Европ, Африк тивийнхтэй нэг ижил үед үүсчээ. Ховд аймгийн Манхан сумын Хойд Цэнхэрийн агуйн дотор талын цайвар өнгийн хаданд хэдэн төрлийн ан амьтан, тэмдэг зэргийг улаан, хүрэн, цайвар ягаан, улаан шаргал өнгийн зосоор зурсан зургийг Оросын эрдэмтэн А.П.Окладников анх дээд палеолитийн үед холбогдуулан үзсэн юм. Энэ агуйд олон тооны амьтдын дүрийг зурсны дотор бух, янгир, арслан заан, тэмээн 
хяруул, хоёр бөхтэй тэмээ, олон тооны дүрс тэмдэг, мод зэргийг зуржээ.

Палеолитийн үеийн хадны зурагт дүрсэлсэн амьтдын зарим нь монгол нутагт амьдарч байгаад эрт үед мөхөж сөнөсөн (бар, тэмээн хяруул, арслан заан, савагт хирс болон зарим төрлийн буга) байна. Харин адуу, үхэр, тэмээг хожим гэршүүлж мал болгосон. Аргаль, янгир, буга, гөрөөс зэрэг нь одоо ч зэрлэг хэвээрээ Монгол нутагт идээшлэн амьдарсаар байгаа билээ.
Монголын палеолитийн дурсгалууд нь Өмнөд Сибирь, Дундад Ази төдийгүй Европын палеолитын зургуудтай ижилсэж буй нь санамсаргүй тохиолдол бус, харин тэр үеийн хүний амьдралын нөхцөл байдал, оюун санааны хөгжлийн хэр хэмжээ хүн төрөлхтөний хөгжлийн эхэн үед дээрх нутгуудад ижил байсан гэж үзүүштэйн баримт юм.

Монгол Алтайн нуруу хадны сийлмэл зургийн дурсгалаар нэн баялаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь хүрэл ба төмөр зэвсгийн үед холбогдоно.
Алтайн нурууны бүс нутаг эрт үеэс хүн амьдрахад маш тохиромжтой байсан тул энд хадны зураг ихээр зурагдсан байж болох юм. Анхны хадны зургуудыг туурвигчид ихэвчлэн ан гөрөө эрхэлж, жимс, үндэс түүж амьдардаг байжээ. Эрт үед зэрлэг ан амьтан агнах нь тэдгээрийн үндсэн ажил хэвээр байснаас гадна загас агнуур давхар эрхэлж сурсан байж болох юм. 4.5-3 мянган жилийн өмнө хуурайшилт эхэлснээр Монгол Алтайн нутагт одоо бидний мэдэх цаг агаар тогтсон бололтой. Цаг агаарын энэхүү өөрчлөлтийг даган хүрэл зэвсгийн үеийн оршин суугчдын соёлд ихээхэн өөрчлөлт орж, тэдгээр нь ан агнуураас гадна мал аж ахуй эрхэлж эхэлжээ. Төмөр зэвсгийн түрүү үе гэхэд энэ шилжилт бүрэн төгсжиж, хүмүүс морь унаж сурч, мал аж ахуй нь эртний овог аймгуудын эдийн засгийн үндэс суурь болж чаджээ.

Хүрэл зэвсгийн үеийн зурагт янгир, буга, чоно, үнэг зэрэг зэрлэг амьтад, үхэр, адуу, тэмээ зэрэг мал болон ан гөрөө хийж яваа хүмүүс, морь, тэмээ унасан хүн, ачаа нуруун дээр нь ачсан үхэр, морин тэрэг, иж бүрэн зэвсэглэсэн дайчин эрс, байлдаж байгаа хүмүүс зэргийг дүрсэлсэн байдаг.
Алтайн олон тооны хадны зургуудад нийгмийн байгуулал болон оюун санааны төсөөлөлтэй холбоотой эртний хүн амын зан үйл, тодорхой дэг жаягийг харуулсан дүрслэлийг үзэж болох юм.
Монгол Алтайн нурууны хадны зургуудыг ихэвчлэн уул, толгодын орой, дэл орчмоор ганц нэгээр нь дүрсэлсэн байх ба наран ээвэр өмнөд энгэрт нь нэг дор олон дүрсийг дүрсэлсэн байдаг онцлогтой байна. Мөн харьцангуй бага талбайд маш олон тооны, янз янзын хэв маягийн, түүхийн олон үед холбогдох хадны зураг төвлөрсөн, зарим тохиолдолд нэг хаданд олон янзын дүрсийг бие биен дээр нь давхарлан зурсан, мөн зарим нэг дүрсийг олон жилийн турш давхарлан сэргээн зурж байсны ором тодорхой байдаг нь хадны зургийг шүтлэг бишрэлийн зан үйлийн дагуу урлан сийлж ирснийг харуулна. Иймээс хадны зургийн дурсгалт газар нь тухайн нутгийн үе үеийн оршин суугчдын тахил тайлгын зан үйл, мөргөл үйлддэг, овог аймгийн баяр ёслол тэмдэглэдэг, өөрсдийн өвөг дээдсийн сүнс оршсон ариун дагшин газар хэмээн эрт үеэс тахин шүтэж ирсэн хэмээн үзэж болно.

Иймээс Монгол Алтайн нурууны хадны зураг нь зөвхөн бодит байдлын тусгал биш, харин эртний хүмүүсийн байгалийн эрхшээлийг даван гарахын тулд өөрсдөө аливааг бүтээх, зохицуулах гэсэн үйл ажиллагаа буюу хүн байгалийн хоорондын харилцаа, эрхэлж байсан аж ахуйтай холбоотой үүссэн хүний оюуны сэтгэлгээ, шүтлэг бишрэлийн гүн агуулгатай зан үйлийн салшгүй хэсэг болох нь тодорхой байна.

Алтайн нурууны хадны зургийн дурсгалт газрууд нь тухайн бүс нутаг, түүнтэй хил залгаа нутгууд дахь хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн шүтлэг бишрэл, урлаг соёлын онцгой гайхамшигтай төлөөлөл болж байгаа юм. Эдгээр цогцолбор дурсгалууд энэ бүс нутагт нүүдэлчин түмний хэдэн зуун жилийн туршид бүтээн хөгжүүлж даган мөрдөж байсан хүрэл зэвсгийн үеийн соёл, зан үйл болон урлагийн бүтээлийн цогц илэрхийлэл юм. Тухайн бүс нутгийн хадны зургууд нь Төв Ази болон Монголд хүрэл зэвсгийн үед онцгой түгэн дэлгэрсэн 
байгалийн хад чулуун дээр хүн, амьтан дүрсэлдэг тухайн үеийн шүтлэг бишрэлийн зан үйлийн хосгүй гайхамшигт төлөөлөл болно. 

Мөн түүнчлэн Монгол орон, түүнтэй хил залгаа нутагт НТӨ IV - I мянган жилийн турш цэцэглэн хөгжиж байгаад аажмаар үгүй болсон Төв Азийн хүрлийн үеийн нүүдэлчдийн тахилга шүтлэг, урлаг соёлын их баялаг өвөрмөц тод, үнэн бодит гэрч нотолгоо болон оршиж байна. Төв Ази болон Зүүн Хойд Азийн эртний түүх болон соёл иргэншлийг судлахад эдгээр цогцолбор дурсгалууд олон улсын ач холбогдолтой юм. 

Алтайн нурууны хадны зургийн дурсгалт газрууд нь бидний ирээдүй хойч үеийнхний хувьд Монгол орны түүх, соёлыг судлах гайхамшигтай нэгэн талбар болж мэдэх юм. Ийм ч болгохын үүднээс бид эдгээр газрыг хамгаалж хадгалах хэрэгтэй. Монгол Алтайн нурууны бүс нутгийн хадны зургийн дурсгалт газрууд нь бүх Монголчуудын төдийгүй хүн төрөлхтөний түүхийн хосгүй үнэт өв мөн бөгөөд цаашид ч ийм байх ёстой. Уг дурсгалт газрууд нь шинжлэх ухааны бүх салбарт ажиллаж буй эрдэмтэд, судлаачдын хувьд хязгааргүй нөөц бололцоо мөн. Хаднаа сийлсэн зураг дүрсүүд нь бараг гэмтэж муудаагүй, геологийн хувьд гайхалтай шинж чанар бүхий эдгээр цогцолбор газрыг бид бүгд хайрлан хамгаалах ёстой.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн