Blog single

Хадны зургийн тухай

Чулуун зэвсгийн үе (одоогоос 40-12 мянган жилийн өмнө): Монгол Алтайн нурууны хадны зургийн дотроос хамгийн эртний буюу дээд хуучин чулуун зэвсгийн (40-12 мянга орчим жилийн тэртээ) үед холбогдох зураг нь цөөн тоогоор дүрслэгдсэн арслан зааны зураг юм. Цагаан салаад арслан зааныг ганц нэгээр нь, нэг тохиолдолд хоёр арслан зааныг өөд өөдөөс нь харуулан дүрсэлсэн байна. Арслан зааны урт хошуу, том сүрлэг зузаан бие, богино сүүл зэргийг тод гарган үзүүлжээ. Ийм арслан зааны зураг умард Азид тун ховор тохиолддог байна. Энэ хадны зураг нь одоогоос 40-12 мянган жилийн өмнө энэ бүс нутагт арслан заан амьдарч байсныг харуулах баримт болохын зэрэгцээ, түүнийг тухай үеийн хүмүүс агнаж, хад чулуунд дүрслэн зурж байсныг гэрчлэх баримт болох болдог.

Хүрлийн үе (одоогоос 4-2 мянган жилийн өмнө): Дурсгалт газруудын хадны зургийн ихэнхийг хүрэл зэвсгийн үеийн хадны зургууд эзэлдэг. Энэ үеийн хадны зурагт буга, хандгай, янгир, аргаль, үхэр, адуу, бодон гахай, нохой, шувуу, хүний дүрсүүд зонхилдог. Эдгээр амьтад болон хүнийг дүрслэхдээ гол төлөв хонхойлгон цохиж үйлдэхээс гадна цөөн тохиолдолд сараачин зурчих аргаар сийлсэн байдаг. Түүнчлэн бугын дүрсийг загварчилсан маш гоёмсгоор сийлсэн байдаг бол бодит байдлаар дүрслэхдээ эврийг нь олон янзаар үзүүлдэг нь энэ үеийн бас нэг онцлог юм.

Хүрлийн үеийн хадны зургийн үндсэн сэдэв нь тухайн үеийн хүмүүсийн аж байдал, ан гөрөө, нүүдэл суудал, дайн тулаан, шүтлэг бишрэл зэргийг голчлон өгүүлэх бөгөөд эдгээрийг араатан, жигүүртэн, тэрэг, зэр зэвсэг, тамга тэмдэг, хүний нүүрний баг (хүний царай), үйл хөдлөл гэх мэт дүрслэлээр харуулах нь түгээмэл бөгөөд эдгээр дүрслэл Монгол Алтайн нурууны хадны зургийн дурсгалд бүгд бий.

Төмрийн түрүү үе (одоогоос 3-2.5 мянган жилийн өмнө): Монгол Алтайн нурууны хадны зургийг судалсан эрдэмтэд түрүү төмрийн үеийн хадны зургийг он цагийн хувьд хоёр үед хуваан тусад нь авч үзсэн байна. Энэ нь:

  • МЭӨ IX-VI зуунд холбогдох Аржан-майэмирийн үе, 
  • МЭӨ VI-II зуунд холбогдох Пазырыкийн үеийн хадны зураг юм. 

Эхний үеийн хадны зурагт өөр хоорондоо нэгэн өгүүлэмжээр холбоогүй, бие даасан буга, үхэр, морь, янгир, бодон гахай, морьтой хүмүүс болон явган нум сумтан нарын дүрсүүд хамаарна. Мөн энэ үеийн хадны зурагт нийлмэл дүрсүүд чухал байр суурь эзэлнэ. Тухайлбал, буга болон үхрийн шинжийг давхар агуулсан хийсвэр нийлмэл дүрс, эдгээрийн их бие дээр “нийлмэл” аргаар илүү жижиг буга, араатан амьтны дүрсийг сийлжээ. Мөн нэгэн буган-үхрийн сүүлний үзүүрт тас юм уу бүргэд шувууны толгойг гарган дүрсэлсэн байна. Түүнчлэн энд байх нэгэн бодон гахайн сүүлийг ер бусын урт дүрсэлсэн байх жишээтэй. 

Дараагийн үеийн хадны зурагт Пазырыкийн булшнаас гардаг олдворуудыг хадны зургаас олж үзэж болох хийгээд хооронд нь харьцуулах бүрэн үндэстэй байна. Энэ үеийн амьтны загварт урлагийн төлөөлөл болсон хадны зурагт амьтны өвөрмөц байдалтай зогсох, хөдлөх төрхийг тодорхой дүрсэлдэг байна. Тухайлбал, туурайтан амьтдыг хөлөө эвхсэн юм уу жийсэн, толгойгоо урагш юм уу арагш харуулсан, биеэ хойш 180° эргүүлж эвхэрсэн байдалтай дүрсэлдэг онцлогтой.

Түрэгийн үе (одоогоос 1500 жилийн өмнө):Энэ үед хамаарах хадны зураг манай улсын нутагт цөөн тэмдэглэгдсэн байдаг. Харин Цагаан салаа, Бага Ойгорын хадны зурагт Түрэгийн үеийн хэд хэдэн хадны зургууд байна. Энэ үеийн хадны зургийг маш нарийн зураасаар сийлсэн эсвэл уламжлалт бүх талбайгаар нь хонхойлох гэсэн үндсэн хоёр аргаар урлах бөгөөд ихэвчлэн дайн тулаан, ан авын сэдэвтэй зургууд зохнилно.

Эх сурвалж: https://mongolaltai.mongoluv.mn/page1326