Blog single

Дэл уулын гайхамшиг

2016 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Үндэсний музейд "Дэл уулын гайхамшиг" нэртэй хадны зургийн төрөлжсөн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэв.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон НҮБ-ын дэргэдэх боловсрол, соёл, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулсан ХАДАНД МӨНХӨЛСӨН УРЛАГ: Түүх, ойллого, ярилцаан сэдэвт олон улсын хурал, экспертүүдийн уулзалтын дагалдах арга хэмжээ болгон зохион байгуулсан юм.

Үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Дэл уулын гайхамшиг ТББ, Чулуун Шастир ТББ-ууд хамтран зохион байгуулсан бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хадны зургаас сэдэвлэн бүтээв.

“Бүжигчид”, “Таталцал”, “Дэл”, “Домог” зэрэг эртний хүмүүсийн бүжиглэж буй болон буга, морины дүрстэй баримлыг ч үзэсгэлэнгийн үеэр дэлгэн үзүүлсэн. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь Дэл уулын “32 хүнтийн дөрвөлжин булшны малтлага” аж. Тэрхүү 32 хүний дүрстэй чулуун булшийг дууриалган хийсэн бүтээлүүдийг танхимын дунд байрлуулсан байв.

Мөн уг үзэсгэлэнд үлэг гүрвэлийн өндөгний зүсмэл, чулуун алх, ясан эдлэл, Дэл уулнаас олдсон хүрэл зэвсгийн олдворууд, чулууны дээжээс сонирхуулсан нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж харагдлаа.

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 17 км урттай, 8 км өргөнтэй “Дэл” уулын хадан дээр эртний хүн төрөлхтний түүх, урлаг, соёлын үнэт дурсгалууд сийлээстэй ажээ. Одоогоор хүрэл зэвсгийн үеийн 3000 гаруй хадны дүрс зураг, 20 гаруй дөрвөлжин булш, руни бичгийн 4 төрлийн бичээс, Монгол нутгаас олдсон хамгийн эртний бичээс болох 665 оны Түрэг, Хан улсын түүхэнд холбогдох нангиад буюу хятад бичиг, уйгаржин, Түвд бичгийн дурсгалууд бий.

Дэл уулын хадны зургийн судалгааг 1960-аад оноос Оросын эрдэмтэн хуучнаар ЗХУ-ын А.П.Окладников, Монголын эрдэмтэн Н.Сэр-Оджав, Д.Дорж нар Дэл уулын хойно орших Тагт багийн арын хадны зургаас эхлэсэн бөгөөд 1988 онд В.В.Волков, Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав нар нутгийн байгаль хамгаалагч Д.Нацагийн хамт хүрлийн үеийн 32 хүнтийн буган хөшөөт дөрвөлжин булшийг малтан шинжилж, хашлаганы зургийг буулган авчээ.