Blog single

Дэлхийн соёлын өвд бүртгэсэн батламж гардуулав

Алтайн Хадны зургийн цогцолбор дурсгалыг Дэлхийн соёлын өвд бүртгэсэн батламжийг ЮНЕСКО-гийн  тэргүүн, хатагтай Ирина Бокова өөрийн биеэр ирж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид гардуулж буй агшин.

Монгол Улсын Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь 2011 онд Францын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулганаар дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд манай улсаас Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн хоёр дахь дурсгалт газар юм.

Энэхүү хадны зургийн цогцолбор дурсгалт газар нь нийт 11300 га талбайг эзлэн 3 хэсэг газарт орших бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Арал толгой, Шивээт хайрхан, мөн аймгийн Улаанхус сумын Цагаан салаа/Бага-Ойгор хэмээх газарт буй хадны зураг хамаардаг байна.

Хадны зургийн дурсгалт газрын эзлэх талбай, тоо хэмжээ, шинжлэх ухааны үнэ цэнэ, түүх, соёл, урлаг уран сайхны ач холбогдол, илэрхийллээрээ адил төрлийн дурсгалт газруудаас томд тооцогддог бөгөөд үүнийг ч дэлхий дахины эрдэмтэн, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolaltai.mongoluv.mn/ хаягаар үзнэ үү.