Blog single

Хаданд мөнхөлсөн урлаг

Монголчуудын өвөг дээдэс бол эрч чөлөөний асар их мэдрэмжтэй, чөлөөт сэтгэлгээний өндөр түвшинд гарсан хүмүүс байсныг элгэн хаданд дурайсан олон мянган зураг баталдаг. Үүнийг бид хаданд мөнхөлсөн урлаг гэж хүндэтгэн нэрлэж байгаа юм.

Судлаач С.Дулам “Монгол орны бүх нутгаар түгэн тархсан хадны зургийн арвин их дурсгалыг бид энэ нутагт оршин сууж байсан олон овог аймгийн урчуудын бүтээл туурвил, эртний өвөг дээдсийн маань үр хойчдоо найдан үлдээсэн захиа гэрээс хэмээн үзэх нь зүйтэй. Тэдгээрийг бид эс тайлан уншвал өөр хэн тайлах сан билээ?” хэмээн бичсэн байна.

Зураач Ш.Тэнгисболд өдгөө “Их хүлгэн туульч”-ийн заасан зүгт замнаж, эртний дээдсийн хаданд мөнхөлсөн урлагийг ухаан, мэдрэмж, авьяас, судалгаагаараа тайлан тайлбарлаж байна. Тэнгэрийн санаа, дээдсийн захиасыг Монголын орчин үеийн уран зургийн зулайд нь яваа Ш.Тэнгисболд буулгасан.

Олон мянганы өмнөх хадны зураг, одоо бидний харж буй зураг нэгэн цэгт огтлолцохын учир юунд оршино вэ? Үүнийг би монгол хүний сэтгэлгээний өвөрмөц маяг гэж хэлнэ. Тэр хэв маяг бол хэлбэр үгүй хэв маяг юм.

Зураач, уран барималч Ш.Тэнгисболд ЮНЕСКО болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Чулуун Шастир ТББ-ын Ерөнхийлөгч П.Цагаан нарт бүтээлээ тайлбарлаж буй агшин.