Blog single

Алтайн хадны чулуун шастир цомог

УЯЛГА ҮГ

Миний бие “Чулуун шастир” судалгааны төсөлд уухайлан орсон минь хувь хүний хувьд нэлээд чухал учир утгатай билээ.
Юун гэвэл, би эх орныхоо болон гадаадын нэлээд хэдэн улс орны баян тансаг байгалийн нүдэнд тусч, сэтгэл булаасан сүрдэм бишрэм тогтоц, гайхалтай өвөрмөц, хязгааргүй арвин амьтан ургамалын ертөнцийн чамин содон байдал төрхийг уран сайхны өнцгөөс харж, гэрэл зургийн хальсанд буулган, улмаар танин мэдэхүйн оломгүй далайд дуслын төдий ч атугай өөрийн гэсэн хувь нэмэр оруулах чин хүсэл тээж явдаг гэрэл зургийн хорхойтон билээ.

Олон жил ажлын завсар чөлөө, амралтын зав зайг ашиглан уул хаданд мацаж, хэжиж, намаг шавар туучиж, хүний нутгийн хөвч ширэнгэд ялаа шумуулын хоол болж бядан хэрэн яван байж хэсэг бусгаар авсан олон зургаасаа сэдэвчилэн шилж, дэлхийд ховордсон ан амьтдын авир араншин, жигүүртний тэнгэрлиг оршихуй, цэцэгсийн гоо үзэмжийг тусган харуулсан цуврал цомог гаргаж, олон нийтэд толилуулсанд үзсэн харсан таних танихгүй хүмүүс ам сайтай байгаад урам орж яваагаа дурдахын ялдамд одоо бол, бага сага дадлага, туршлагаа ашиглан Монгол орныхоо байгалийн хөрөг, хадны зураг авах, улс үндэстнийхээ түүх, соёлын сан хөмрөгт хувь нэмэрлэх үйлст хүч сорихоор сэтгэл зориг шулуудсанаа хэлэх гэсэн юм.
Бидний энэ судалгааны ажил төрөлх Алтайн уулнаас минь эхэлж байгаад би үнэхээр олзуурхан баярлаж байгаа юм. Би бол Алтайн их уулсын өврийн ивээлт сайхан нутагт Үенч, Улиаст, Харгайт голын үржил шимт хөндийд, Мандал хайрханы хормойд төрж өссөн нэгэн.

“Алтайн чулуун шастир” бүтээнэ гэхлээр хүмүүн төрөлхтний, тэр дотроо манай монгол үндэстний үүсэл хөгжлийн түүхийг тэмтрэх гэж байгаа мэт сонин мэдрэмж төрж байна. Эрдэмтдийн бичсэнээр бол, лавтайяа 35-40 мянган жилийн тэртээх эртний хүмүүсийн аж байдал, ахуй соёлын ул мөр монгол орны хадны зурагт үлдсэний хамгийн баян голомтууд Алтайн их уулсын ай савд хадгалагдан байдаг аж. Энэ баримт нь манай Алтайн уулс тэр эрт балар цагаас өнөө хүртэл ямар их нөмөр нөөлөгтэй, ямар их баялаг арвин өгөөжтэй, хүн амьтанд ямар их идээшилтэй ивээлтэй нутаг вэ? гэдгийг тов тодорхой харуулж байна. Алтай гэдэг нэрийг “алтан” гэсэн үгээс гаралтай гэж тайлбарлаж бичсэнийг би уншиж л байсан. Аль ч талаас нь аваад үзэхэд үнэхээр алтан нутаг даа.

Алтайн хадны зураг эртний монголчуудын төдийгүй тэнд амьдарч байсан янз бүрийн угсаа гарвалын олон улс үндэстний түүхэнд бас холбогдох буй за. Бүр санаанд оромгүй таамаг яриа ч байдаг. Хаа холын Лао (Лаос) Тай (Тайланд) үндэстэнүүд өөрсдийгөө Алтайн уулсаас гаралтай гэж төсөөлж явдаг тухай миний танил тэндэхийн эрдэмтэн, бас элчин сайд нь ч надад ярьж байсан. Энэ бүгдээс ургуулан бодоход, Алтайн, ер нь Монголын хадны зургийг судлах, хадгалж хамгаалах, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулах, дотоод гадаадад өргөн хүрээнд таниулах, ном хэвлэлийн хуудаснаа мөнхжүүлэх явдал ямар их ач холбогдолтойг дахин тэмдэглэхэд илүүц болохгүй гэж бодном.
Бид хувьдаа энэхүү цомогт хадны зургандаа оройн чимэг болгон Алтайн ноёлог сүрлэг цаст оргилууд, төрийн тахилгат онгон дагшин хайрхануудын хөрөг зургаас титэмлэн оруулахыг эрмэлзсэн бөлгөө.
Эрхэм уншигч Танд Алтайн уулсын эрч хүч, ивээл нөмөр хурахын ерөөл тавья.

Элчин сайд, доктор Галсангийн БАТСҮХ

Бүтээлтийн дэлгэрэнгүйг https://esan.mn/contents/7832 хаягаар үзнэ үү.