Blog single

ХАДАНД МӨНХӨЛСӨН УРЛАГ: Түүх, ойллого, ярилцаан

МЭНДЧИЛГЭЭ

Зураг. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт орших буган хөшөөдийн дэргэд
 

Эртний нүүдэлчдийн оюун санааны хувьсал, тухайн цагийн нийгэм, соёл, аж ахуйн бодит байдлыг тусгасан дурсгал бол хадны зураг билээ. Монгол орон хадны сийлмэл зургийн дурсгалаар баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг юм.

ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд Монголын гурван газар багтсаны нэг нь Монгол Алтайн нурууны Хадны зургийн цогцолбор дурсгал билээ. Иймээс Монгол Улс Алтайн нурууны болон бусад газрын хадны зургийн хадгалалт хамгаалалтад онцгой анхаарал хандуулах төдийгүй хадны зургийн судалгааг улам гүнзгийрүүлэх үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтөний соёлын өв- хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой “Хадны зураг” төслийг эхлүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж байна.

Хуралд гадаадын 15, дотоодын 10  эрдэмтэд, 60 гаруй судлаач, сонирхогчид оролцож, дэлхийн өв болсон хадны зургийг судлах арга зүй, түүнийг тайлан тайлбарлах, хадгалж хамгаалах талаар бусад улс орнуудад явуулж байгаа туршлагаас хуваалцах бөгөөд Монгол орны нутаг дэвсгэрт байгаа хадны зургийг судлах, тайлах чиглэлээр явуулж байгаа эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэх юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Монголын хадны зургийг судлах ажилд дорвитой хувь нэмэр болж, улмаар олон улсын хүрээг хамарсан, ЮНЕСКО-ийн төсөл болгох зорилгын эхний алхам юм. Манай орны санаачилж буй энэ төслийг олон улсын байгууллагууд, тухайлбал, ЮНЕСКО, Олон улсын Философи, Хүмүүнлэгийн ухааны холбоо зэрэг байгууллагууд онцгой анхаарч байна. 

Бага хурлыг зохион байгуулахад санхүүгийн болон текник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн “Соёлын харилцаа-нэгдмэл ертөнц” олон улсын сан, ШУТИС, Чулуун Шастир, Мэргэн нум зэрэг төрийн бус байгууллага, Монголын Үндэсний музей, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Малчин телевиз, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Соёл Урлагийн их сургууль болон санаачилгыг дэмжигч олон түмэнд гүн талархал илэрхийлье.

“Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт бага хурал олон орны эрдэмтдийн цаашдын хамтын ажиллагааг өргөтгөх, дэлхийн соёлын өв болсон хадны зургийн талаарх судалгааг улам гүнзгийрүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Балар болон Өнө эртний судлалын Олон улсын нийгэмлэгийн гишүүн (UISPP)  
Пунцагийн Цагаан